
Хэвлэл Мэдээллийн Зөвлөл (ХМЗ) нь Глоб Интернэшнл төвөөс хэрэгжүүлж буй “GSP+механизмаар дамжуулж хүний эрх, хөдөлмөрлөх эрхийг хөхиүлэн дэмжих нь” төслийн хүрээнд гурван төрлийн мониторингийг хийж байна.
- ЮНЕСКО-гийн хэвлэл мэдээллийн хөгжлийн шалгуур үзүүлт дэх “Сэтгүүлчдийн аюулгүй байдлын шалгуур үзүүлэлт”-ийг ашиглан Монголын сэтгүүлчдийн аюулгүй байдлын өнөөгийн нөхцөл байдлыг тандах санал асуулгын судалгаа,
- Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 19 дүгээр зүйл: Үзэл бодолтой байх, үзэл бодлоо илэрхийлэх эрх, шалгуур үзүүлэлт, түүний хэрэгжилтийн талаарх баримт бичгийн судалгаа,
- Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 19 дүгээр зүйл: Үзэл бодолтой байх, үгээ хэлэх эрх чөлөө зөрчигдсөн тухай төрийн болон төрийн бус байгууллага, мэргэжлийн эвсэл холбоод, хууль шүүхийн байгууллагаас гаргасан мэдээ болон мэдэгдлүүдийг цуглуулах мониторинг багтана.
Монголын сэтгүүлчдийн аюулгүй байдлын өнөөгийн түвшин, нөхцөл байдлыг тодорхойлох санал асуулгын судалгааны урьдчилсан дүн
Сэтгүүлчдийн аюулгүй байдлыг тандах зорилгоор тус судалгааг хийж байгаа бөгөөд үндэсний хэмжээнд 300 сэтгүүлчийг хамруулахаар төлөвлөсөн. Санал асуулгаар сэтгүүлчид Монгол улсад Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 19 дүгээр зүйлд заасан үзэл бодолтой байх, үзэл бодлоо илэрхийлэх эрхийн хэрэгжилт хэр байгааг үнэлэхээс гадна олон нийтэд түгээсэн мэдээлэл, нийтлэл нэвтрүүлгээсээ болоод ямар нэгэн дарамт, сүрдүүлэгт өртөж байсан эсэх, гэр бүлийн гишүүдээр нь дамжуулан айлгаж, дарамталж байсан эсэх, цахим болон ажлын байрны аюулгүй байдлын талаар тандаж байна. Түүнчлэн хэвлэл мэдээллийн байгууллагууд сэтгүүлчийнхээ аюулгүй байдлыг хангахад оролцож даатгалд хамруулдаг, хөдөлмөрийн гэрээндээ сэтгүүлчийг хамгаалах зүйл заалтыг тусгадаг эсэх болон сэтгүүлчдэд тохиолдсон зөрчлийн хэргүүд нь хэрхэн шийдвэрлэгдсэн эсэхийг тодруулж байна.
Судалгаа нь 2018 оны есдүгээр сард эхэлсэн бөгөөд 2019 оны гуравдугаар сар хүртэл үргэлжлэх юм. Одоогийн байдлаар судалгааны санал асуулгын мэдээлэл бүрдүүлэлт 30 орчим хувьтай байна.
Судалгааны дүнг урьдчилсан байдлаар танилцуулбал:
Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 19 дүгээр зүйлд заасан үзэл бодолтой байх, үзэл бодлоо илэрхийлэх эрхийн хэрэгжилтийг сэтгүүлчид “маш сайн”, “сайн” гэж дүгнэхээс илүүтэйгээр “ерөнхийдөө хэрэгжиж байгаа” гэсэн хариултыг өгсөн байна. Тодруулбал, одоогийн байдлаар судалгаанд оролцсон сэтгүүлчдийн 50 орчим хувь нь хэрэгжиж байна хэмээн дүгнэжээ. Сэтгүүлчид мэргэжил нэгт нөхөд болон өөрийнхөө мэргэжлийн аюулгүй байдлыг “хангалттай сайн” гэж үзэхгүй байна. Тодруулбал, сэтгүүлчдийн амь насанд аюул заналхийлдэг, сэтгүүлчид өдөр тутмын ажлаа хэрэгжүүлэхэд дарамт шахалтад өртдөг, хэвлэл мэдээллийн байгууллагын эсрэг заналхийлдэг, халдлага үйлддэг зэрэгт судалгаанд оролцогчдын олонх нь “санал нийлж байна”, “маш их санал нийлж байна” гэсэн хариултыг өгсөн байна.
Гурваас дөрвөн сэтгүүлч тутмын нэг нь дор хаяж 2-3 удаа олон нийтэд түгээсэн мэдээлэл, нийтлэл нэвтрүүлгээсээ болоод ямар нэгэн дарамт шахалт, заналхийлэл, сүрдүүлэгт өртөж байсан гэх хариултыг өгчээ. Түүнчлэн гэр бүлийнх нь гишүүдийг айлгаж, дарамталж байсан гэсэн тохиолдлууд таваас багагүй бүртгэгдсэн байв.
Сэтгүүлчдийн дунд цахим аюулгүй байдлын хамгаалалт сул байна. Одоогийн байдлаар дөрвөн сэтгүүлч тутмын нэг нь хувийн цахим хаяг, түүнтэй холбоотой мэдээллээ алдаж байсан төдийгүй цахим халдлагад өртөхгүйн тулд ямар нэгэн програм хангамж, хамгаалалт хэрэглэхгүй байна.
Сэтгүүлчид нь ямар нэгэн эрсдэлтэй томилолт, үүрэг даалгавраас татгалзах эрхтэй боловч даатгал, хөдөлмөрийн гэрээгээр сэтгүүлчийн аюулгүй байдлыг хамгаалах нь бага байгаа нь судалгааны дүнгээс харагдлаа.
Сэтгүүлчдэд тохиолдсон зөрчлийн асуудлууд нь ихэнхдээ редакцийн болон салбарын хүрээнд шийдэгдэж байна. Түүнчлэн Сэтгүүлчийн эсрэг үйлдсэн гэмт үйлдэл ял шийтгэлгүй өнгөрсөн тохиолдолодоогийн байдлаар найм бүртгэгдээд байна.
Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 19 дүгээр зүйл: Үзэл бодолтой байх, үзэл бодлоо илэрхийлэх эрх, шалгуур үзүүлэлт, түүний хэрэгжилтийн талаарх баримт бичгийн судалгаа
Тус судалгааны хүрээнд хэвлэл мэдээллийн хэрэглэгч,эзэмшигчид, үндэстэн, шашин, хэлний цөөөнхөд зориулсан хэвлэл мэдээллийн талаарх тоон мэдээлэл, хараат бус өрсөлдөөний комиссоос хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн нэгдэл болон худалдан авалтыг шалгасан, шийдвэрлүүлсэн болон түтгэлзүүлсэн эсэх, зохицуулах эрх бүхий газраас хэвлэл мэдээллийн байгууллага болон мэдээлэл, нэвтрүүлгийг хаасан, цагдан хянасан эсэх, хүүхдэд үзэл бодлоо илэрхийлэх боломж олгодог сургуулийн тоо хэмжээ гэхчилэн мэдээллийг цуглуулсан юм. Ингэхдээ холбогдох төрийн болон төрийн бус, олон улсын байгууллагуудын цахим хуудас, хэвлэн нийтэлсэн тайлан, гарын авлага зэрэг нээлттэй мэдээллийн санг ашиглалаа. Мөн Харилцаа Холбооны Зохицуулах Хороо (ХХЗХ), Шударга Өрсөлдөөн Хэрэглэгчийн Төлөө Газар (ШӨХТГ), Оюуны Өмчийн Газар (ОӨГ) гэсэн төрийн байгууллагуудад мэдээлэл хүсэх тухай албан бичгийг илгээж, судалгааны асуулгатай холбоотой дэлгэрэнгүй болон тоон мэдээллийг хүсээд байна.
Монгол улсад хэвлэл мэдээллийн уншигч, сонсогч, үзэгч, интернэт хэрэглэгчийн талаарх судалгааг Хэвлэлийн Хүрээлэн ТББ, Максима Консалтинг ХХК, Харилцаа Холбооны Зохицуулах Хороо гэсэн байгууллагуудаас тогтмол буюу жилд дор хаяж нэг удаа явуулж, мэдээллийг нээлттэй байрлуулж байна. Тухайлбал интернэтийн хэрэглээ Улаанбаатар хотод төдийгүй хөдөө орон нутагт хурдтай түгэж байна. Монголын сувгуудын контент сайжрахаас дотоодын сувгуудын үзэлтийн хэмжээ 186-аас 194 миунт болж дөрвөн хувийн өсөлт гарсан байна.
Хэвлэл мэдээллийн эзэмшигчийн талаарх мониторингийг 2016 онд Хэвлэлийн Хүрээлэнгээс “Хэвлэл мэдээллийн эзэмшлийн мониторинг” төслийн хүрээнд гаргасан нь өнөө хүртэл цогц, суурь мэдээлэл болж байна. Өргөн нэвтрүүлэг, кабелийн сувгийн тусгай зөвшөөрөл эзэмшигчийн талаарх мэдээллийг ХХЗХ-ныцахим хуудсаас авах боломжтой хэвээр байна.
Хараат бус өрсөлдөөний комиссоос хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн нэгдэл болон худалдан авалтыг шалгасан, шийдвэрлүүлсэн болон түтгэлзүүлсэн эсэх, зохицуулах эрх бүхий газраас хэвлэл мэдээллийн байгууллага болон мэдээлэл, нэвтрүүлгийг хаасан, цагдан хянасан эсэх тоон судалгаа, мэдээллийг нээлттэй мэдээллийн сангаас буюу Улсын Бүртгэлийн Ерөнхийг Газар, ХХЗХ, ШӨХТГ, ОӨГ гэсэн холбогдох төрийн байгууллагын нээлттэй мэдээллийн сангаас авах боломж тун хомс байна. Түүнчлэн энэ талаарх мэдээллийг байгууллагын вэб хуудаснаас олж хайхад төвөгтэй, заавал хувийн мэдээллээ бүртгүүлэхийг шаардаж байна. Дээрх төрийн байгууллагын мэргэжилтнүүдтэй уулзаж, судалгааны асуулгын талаар тодруулахад мэдээлэл өгөхөд бэлэн биш бөгөөд албан бичгээр хандахыг шууд санал болгож байна.
Мэдээллийн ил тод байдал, мэдээлэл олж авах эрхийн тухай хуулийн дагуу мэдээлэл хүсэгч нь өөрийн хүссэн хэлбэрээр буюу аман болон бичгийн аль алинаар нь авах эрхтэй билээ. ХХЗХ-ны вэб сайтад Телевизийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл, кабелийн сувгийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл, радиогийн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг олгосон, цуцалсан, түр хугацаагаар түтгэлзүүлсэн тухай хурлын шийдвэрүүд нээлттэй боловч мэдээллийг ангилж ялгаж, хэрэглэгчдэд ойлгомжтой байдлаар байрлуулаагүй байна. Түүнчлэн холбогдох хууль, журам, тогтоолын зүйл заалтын дагуу зохицуулалт хийсэн нь нээлттэй боловч хурлын шийдвэрийн тухай дэлгэрэнгүй мэдээлэл, тайлан, тайлбар зэрэг байхгүй болно.
Монгол улсад “Хүүхдэд үзэл бодлоо, чөлөөтэй илэрхийлэх боломж олгодог, идэвхтэй сургалт”-нд татагдан оролцсон сургуулийн хувь хэмжээг нийт ЕБС-ын тоогоор тодорхойлж болохоор байна. Өөрөөр хэлбэл, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хангах чиглэлийн хүрээнд сургууль бүрт хүүхдийн оролцооны байгууллага бий. Эдгээр нь клуб, дугуйлан, хүүхдийн өөрөө удирдах байгууллага гэхчилэн нэртэйгээр үйл ажиллагаа явуулдаг. Мөн 2018 оны есдүгээр сард Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас “Хүүхдийн оролцооны үндэсний зөвлөгөөн”- зохион байгуулсан бөгөөд хүүхдийн өөрийн удирдлагын байгууллагын 600 гаруй хүүхдийн төлөөлөлоролцсон байна. Монгол улс нь Хүүхдийн эрхийн тухай конвенц, Хүүхдийн тухай хууль, Хүүхэд хөгжил, хамгаалал үндэсний хөтөлбөр гэсэн олон улсын болон дотоодын хууль тогтоомж, баримт бичгээр хүүхдийн үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хангахаа илэрхийлжээ.
Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 19 дүгээр зүйл: Үзэл бодолтой байх, үгээ хэлэх эрх чөлөө зөрчигдсөн тухай төрийн болон төрийн бус байгууллага, мэргэжлийн эвсэл холбоод, хууль шүүхийн байгууллагаас гаргасан мэдээ болон мэдэгдлүүдийг цуглуулах мониторинг
Сэтгүүлчийн аюулгүй байдал бол хүний эрхийн чухал асуудал бөгөөд үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөгөө өргөн хүрээнд эдлэхийн төвд оршдог. Тиймээс тус судалгааны хүрээнд хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчид хэвлэн нийтэлснийхээ төлөө эрх нь зөрчигдсөн эсэх талаар ямар нэгэн мэдэгдэл гарсан эсэхийг судалсан юм. Одоогийн байдлаар нийт найман тохиолдлын мэдэгдлийг бүртгэсэн бөгөөд нээлттэй мэдээллийн сан буюу төрийн болон төрийн бус байгууллага, мэргэжлийн эвсэл холбоод, хууль шүүхийн байгууллагын цахим хуудсаас шүүлээ. Үүний долоо нь хэвлэл мэдээллийн салбарын мэргэжлийн байгууллагын мэдэгдэл байсан бол үлдсэн нэг нь Нийслэлийн Прокурорын Газраас хийсэн хэвлэлийн хурал буюу сэтгүүлчдийн утсыг чагнасан эсэх талаарх мэдэгдэл байв.