
IPDCtalks-ийн тухай
IPDCtalks нь ЮНЕСКО-ийн Мэдээлэл, харилцаа, холбооны хөгжлийн олон улсын хөтөлбөр (International Programme for the Development of Communication - IPDC)-ийн санаачилгаар 2016 онд Парис хотод чөлөөт, хараат бус, олон ургальч хэвлэл мэдээллийн оролцоог хөхиүлэн дэмжих замаар 2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийн хөтөлбөрийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх гол зорилгоор анх удаа зохион байгуулжээ. 
ЮНЕСКО 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 38 C/70 шийдвэрээр жил бүрийн 9 дүгээр сарын 28-ны өдрийг “Мэдээллийн түгээмэл хүртээмжийн олон улсын өдөр” болгон зарлаж 2016 оноос дэлхий нийтээрээ тэмдэглэж эхэлснээс хойш IPDCtalks нь “Мэдээллийн түгээмэл хүртээмжийн олон улсын өдөр”-ийн гол үйл явдал болон зохион байгуулагдах болсон.
Олон улсад аль хэдийнэ танигдсан “TED-X” уулзалтын загвараар зохион байгуулагддаг энэ чуулган нь мэдээллийн хүртээмжийг сайжруулахад хэвлэл мэдээллийн байгууллагуудын үүрэг, оролцоо түүний ач холбогдлыг ойлгуулах, энэ нь эргээд “Тогтвортой хөгжлийн зорилт”-ын биелэлтэд шууд нөлөөлөх шийдвэр гаргах түвшний төрийн байгууллагуудын үүрэг хариуцлагыг өндөржүүлэх чухал ач холбогдолтой юм.
Монгол Улсад 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс, Глоб Интернэшнл төв хамтран “IPDCtalks: Mongolia” чуулган анх удаа “Мэдэх эрхээ эдэлснээр тогтвортой хөгжлийг бэхжүүлнэ” сэдвийн хүрээнд зохион байгуулсан юм.