ЮНЕСКО 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 38 C/70 шийдвэрээр жил бүрийн 9 дүгээр сарын 28-ны Мэдээллийн түгээмэл хүртээмжийн олон улсын өдөр болгон зарласан бөгөөд 2016 онд дэлхий нийтээрээ энэ өдрийг анх удаа тэмдэглэсэн юм.
Мэдээллийн түгээмэл хүртээмжийн олон улсын өдөр нь Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөр, түүний 16.10-д заасан олон нийтийн мэдээлэл олж авах эрхийг хангах болон суурь эрх, эрх чөлөөг хамгаалах зорилттой онцгой хамааралтай.
Мэдээлэл олж авах түгээмэл эрх нь үзэл бодлоо илэрхийлэх эрх, эрх чөлөөний чухал хэсэг болох мэдээллийг хайх, мэдээлэл хүлээж авах эрхтэй салшгүй холбоотой. Үүнийг Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 19-р зүйл, Иргэний болон улс төрийн эрхийн олон улсын Пактын 19-р зүйлд заасан байдаг.
9 дүгээр сарын 28-ны өдрийг Мэдээллийн түгээмэл хүртээмжийн олон улсын өдөр болгож тэмдэглэснээр дэлхийн олон улс орнууд мэдээллийн эрх чөлөөний хууль тогтоомжтой болох, цахим орчинд олон хэлээр ярих, соёлын ялгаатай байдлыг хүндэтгэсэн бодлого боловсруулах, энэ үйл явцад хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэй, эрэгтэй хүмүүсийг адил тэгш хамруулна хэмээн ЮНЕСКО найдаж байна.