
“GSP+ механизмаар дамжуулж хүний эрх, хөдөлмөрлөх эрхийг хөхиүлэн дэмжих нь” төслийн хүрээнд Монголын Хуульчдын холбоо, Глоб Интернэшнл төв, Хэвлэл мэдээллийн зөвлөл хамтран “Сэтгүүлчдийн аюулгүй байдлыг хангах эрх зүйн зохицуулалт, түүний хэрэгжилтийн байдалд хийж буй мониторингийн явцын дүнгээс танилцуулав.
Хууль тогтоомж, эрх зүйн баримт бичгийн хүрээнд А. Гишүүн улсын соёрхон баталсан үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх эрх чөлөөтэй холбоотой хүний эрхийн олон улсын 17 гэрээ, конвенц,Б. Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг үндсэн хууль эсвэл ямар нэгэн төрлийн суурь хуулиар баталгаажуулсан байдал болон үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийн тухай,сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнуудын ёс зүйн код, баримтлах зарчим, нэр төр гутаах, доромжлох, гүтгэлгийг эрүүгийн хэрэгт тооцохгүй байхыг агуулсан хэвлэл мэдээллийн эрх чөлөөг хамгаалсан хууль, эх сурвалж хамгаалахаас эхлээд хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтан, сэтгүүлчдийн аюулгүй байдлыг хамгаалсан дотоодын хууль, радио болон телевизийн долгион ашиглах тэгш боломжийг нээж өгсөн дотоодын хууль, мэдээлэл олж авах эрхийн талаарх хууль, дайнд турхирсан суртал ухуулгыг хориглосон дотоодын хууль, алагчлан дайсагналцах болон хүчирхийллийг өдөөн турхирдаг үндсэрхэх үзлээр, арьс үндсээр болон шашин шүтлэгээр үзэн ядах байдлыг дэмжсэн аливаа ухуулга сурталчилгааг хориглосон дотоодын хууль тогтоомжийн хүчин төгөлдөр болсон огноо, хамрах хүрээ болон хэрхэн зохицуулсан талаар судалсан байна.
Мөн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг хөхиүлэн дэмждэг, хамгаалахтай холбоотой үйл ажиллагаа идэвхтэй явуулдаг болон бүртгэлтэй төрийн бус байгууллагын тоо 100 мянган хүн тутамд 7 байна.
Бүх нийтийн боловсролын талаарх үндэсний бодлогын хугацааны үечлэл, Хараат бус мониторингийн механизм байгуулсан огноо, мэдээлэл олж авах эрхэд зориулсан технологийг хөхиүлэн дэмждэг үндэсний бодлогын цаг хугацааны үечлэл, үндэсний хүний эрхийн байгууллага, хүний эрхийн гомдол хүлээн авагч эсвэл бусад төрлийн хүний эрхийн механизмуудад ирсэн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийн талаарх гомдлын шалгагдан шийдвэрлүүлсэн тоо болон Засгийн газрын зүгээс эдгээрт үр дүнтэйгээр хариу үзүүлсэн хувь хэмжээг холбогдох байгууллагуудад албан бичиг хүргүүлж хариу авсан байна.
Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын Ажлын албанаас Монголын Хуульчдын холбоонд 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдөр ирүүлсэн “Мэдээлэл ирүүлэх тухай” хариу албан бичигтээ “Хүний эрхийн үндэсний комисс 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас нийт 443 гомдол хүлээн авсан ба үүнээс үзэл бодлоо илэрхийлэх эрхийн хүрээнд хэвлэн нийтлэх эрх зөрчигдсөн тухай асуудлаар 2, жагсаал цуглаан хийх эрх зөрчигдсөн тухай асуудлаар 4, мэдээлэл хайх, хүлээн авах, түгээх эрх зөрчигдсөн тухай асуудлаар 3 гомдол байна. Харин иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтны эсрэг халдсан, заналхийлсэн, халдахаар оролдсон буюу улс төрийн сэдэлтээр сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтны үйл ажиллагаанд хөндлөнгөөс зүй бусаар нөлөөлсөнтэй холбоотой гомдлыг Комисст ирүүлээгүй байна” гэжээ.
Харин дээрх гомдлыг хэрхэн шийдвэрлэсэн талаар тус албан бичигт дурдаагүй ч, Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын тухай хуулийн дагуу шалгаж буй гэж үзэж болохоор байна.
2015-2017 оны байдлаар сэтгүүлчийн хувьд гэмт хэрэгт сэжигтнээр татагдсан байдал, гэмт хэргийн улмаас хохирсон сэтгүүлчдийн байдал, 2017 он 2018 оны эхний 3 сард бүртгэгдсэн зөрчлийн хуулиар шийтгүүлсэн сэтгүүлчдийн судалгааг мөн хийсэн байна. Шүүхээс нэр төр гутаах, доромжлох, гүтгэхтэй холбоотой хэргийг хянан хэлэлцсэн болон буруутайд тооцсон шийдвэрийн хувь хэмжээг тодорхойлбол 2018 оны 5 дугаар сарын 03-ны өдрөөс 10 дугаар сарын 01-ний хооронд иргэний хэргийн шүүхээс эдийн бус гэм хорыг арилгах буюу нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасантай холбоотой нийт 5 хэргийг хянан шийдвэрлэжээ. Үүнээс сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтан хариуцагчаар татагдсан буюу хэвлэл мэдээллийн хэрэгслийн оролцоотой 5 хэргийг иргэний хэргийн шүүх хянан шийдвэрлэжээ.
Олон нийтийн ашиг сонирхол бүхий архивын мэдээ, баримт бичиг, төрийн болон компанийн мэдээллийг /шүүхийн бүртгэл, зэвсгийн экспорт, байгаль орчны мэдээлэл, орогнол хүсэгч гэх мэт/ ил болгохоос татгалзсан хэргүүдийн хувьд: Тагнуулын ерөнхий газраас 2018.10.09-ний өдөр Монголын Хуульчдын холбоонд ирүүлсэн хариу албан бичигт “үндэсний аюулгүй байдал, улсын онц чухал эрх, ашиг сонирхолд хамаарах баримтын жагсаалт, энэ талаар сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнуудад өгсөн мэдээлэл, тохиолдол манай байгууллагад байхгүй болохыг үүгээр уламжилж байна” гэжээ. Мөн Архивын ерөнхий газраас энэ талаар ижил утгатай хариу ирүүлжээ.
Нэр төр гутаах, доромжлох, гүтгэхтэй холбоотой хэргийн улмаас нөхөн төлбөр авсан, цагаатгагдсан хохирогчдын хувь хэмжээ нь 2018 оны 5 дугаар сарын 03-ны өдрөөс 10 дугаар сарын 01-ний хооронд нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасантай холбоотой нийт 5 хэргийг шүүх хянан шийдвэрлэжээ. Үүнээс сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтан хариуцагчаар татагдсан буюу хэвлэл мэдээллийн хэрэгслийн оролцоотой хохирол буюу нөхөн төлбөр нэхэмжилсэн 2 хэргийг дараах байдлаар шийдвэрлэсэн байна.
Дараагийн хийгдэх ажил болох Шүүгчидтэй хийх дугуй ширээний ярилцлагыг 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хийхээр төлөвлөөд байна.