Хэвлэл мэдээллийн ардчилсан нийгэмд гүйцэтгэх үүрэг
"ЧӨЛӨӨТ ХЭВЛЭЛ БОЛ ЧӨЛӨӨТ АРД ИРГЭД МӨН”
1987 оны нэгдүгээр сард Лондон хотноо болсон "Дэлхийн эрх чөлөөний дуу хоолой" хэмээх цагдан хяналтын эсрэг олон улсын бага хурлаас баталсан "Чөлөөт хэвлэлийн харти" баримт бичиг ингэж эхэлдэг.
Түүхийн үүднээс авч үзвэл хэвлэлийн эрх чөлөө бол өнгөрсөн зууны ололт юм.Хэвлэлийн эрх чөлөөний төлөө олон улс төрч, сэтгүүлч, зохиолч ял шийтгэл хүлээж, шоронд орж, зарим нь амь насаараа дэнслэн тэмцсэний үр дүн юм.
Нэгдүгээрт, Хэвлэлийн эрх чөлөө бол ардчиллын тулгуур зарчмын нэг юм.Энэ бол хэвлэл мэдээллийн хэрэгсэлд ажилладаг хэсэг бүлэг хүний бус харин хүний эрхийн, тухайлбал, үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөний салшгүй хэсэг юм. ХЭВЛЭЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨ ГЭЖ ХӨНДЛӨНГИЙН НӨЛӨӨ, ДАРАМТ ШАХАЛТААС АНГИД БАЙХЫГ ХЭЛНЭ.
Ард иргэд нь чөлөөтэй, эрх, эрх чөлөөгөө бүрэн дүүрэн эдлэх нь ардчиллын гол шинж юм. Үүний тулд мэдээлэл хэрэгтэй. Мэдээллийг ардчиллын хүчил төрөгч, амин сүнс гэдэг. НҮБ-ын Ерөнхий Ассемблейн анхдугаар чуулганы 59-р тогтоолд “Мэдээллийн эрх чөлөө бол хүний язгуур эрх юм.Энэ нь НҮБ-аас эрхэмлэдэг хүний бусад эрхийн тулгын чулуу, үндсэн хэмжүүр юм” заажээ.
- Мэдээлэл бол эрх мэдэл юм. Мэдээлэлтэй иргэн хүчирхэг болдог.
- Мэдээлэлгүй иргэн эрх мэдэлтнүүдийн шийдвэрийг сохроор дагана.
- Ардчилал бол хариуцлага, мэдээлэлгүй хариуцлага гэж үгүй.
- Ард түмэн мэдээлэл олж авах эрхтэй байна гэдэг бол тэд итгэлтэй байна гэсэн
- Мэдээлэлтэй иргэд төрийн хэрэгт идэвхтэй оролцох, буруу үйлдлийг шүүмжлэн эсэргүүцэх, сайн хяналт тогтоох боломжтой болно.
Мэдээллийн олон урсгал хамгийн идэвхтэй иргэнд ч нийгэмд болж буй үйл явдлын талаар мэдээлэлтэй байх боломж олгодоггүй. Иргэн хичнээн хүсэвч бүх үйл явдалд биечлэн оролцох боломж үгүй. Иргэдийн ашиг сонирхолд нийцсэн үнэн мэдээллээр хангах нь хэвлэл мэдээллийн үүрэг юм. Нөгөө талаас ард түмэн өөрийн улс орны амьдралын тухай үнэнийг олж мэдэх сонирхолтой төдийгүй шаардлагатай. Ингэж хэвлэл мэдээлэл, ард түмэн хоёрын сонирхол нэгэн цэгт нийлдэг. Ардчилсан нийгэмд хэвлэл мэдээлэл эрх мэдэлтэн, төрийн байгууллага, засгийн газарт бус иргэдэд үйлчилдэг.
Энэ нь хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх засаглал эрх мэдлийн дараахь засаглал, эрх мэдэл гэсэн үг юм. Энэ томъёоллыг анх удаа Шотландын түүхч, зохиолч, хошин шогч Томас Карлылье (1795-1881) "Баатрууд ба баатруудын эрин үе" хэмээх 1841 онд нийтлүүлсэн өгүүлэлдээ дурджээ. Тэрээр:
"....Парламентийн мэтгэлцээн бүхэл бүтэн Парламентаас илүү өргөн хүрээнд хальдаг уу?" Эдмунд Бюркегийн хэлснээр Парламентад гурван засаглал байдаг ч тэнд сурвалжлагчдын бүлэг бүхнээс чухал дөрөв дэх засаглалаа тогтоожээ" хэмээн өгүүлсэн байна. Эдмунд Бюрке бол зохиолч, уран илтгэгч, улс төрч бөгөөд Их Британий Парламентад жирийн иргэдийн асуудал эрхэлсэн төрийн ажилтан байжээ.
Ард түмэн сонгуулиар өөрийгөө төлөөлсөн цөөн тооны хүнд тодорхой хугацаанд бүрэн эрх мэдэл олгодог. Тэд улс орныг хөгжүүлнэ, иргэдийн аж амьдралыг дээшлүүлнэ, хүний эрхийг хүндэтгэн дээдэлнэ гэх мэтээр олон сайхан амлалт авч сонгогддог. Эрх мэдэлтнүүдийг амлалтаа биелүүлэх боломжийг нь олгохын тулд ард түмэн халааснаасаа татвар төлж, төрийн байгууллагуудыг санхүүжүүлж, албан тушаалтан, албан хаагчдыг нь цалинжуулдаг.
"Эрх мэдэл самууруулдаг, онцгой эрх мэдэл онцгой самууруулдаг" хэмээн Их Британий либерал нийтлэлч Жон Эдвард Эктон хэлсэн билээ. Иймээс ардчилсан нийгэмд янз бүрийн эрх мэдлийг тэнцвэржүүлэх, хянаж шалгах тогтолцоо хэрэгтэй болдог. Энэ тогтолцоонд чөлөөт, хараат бус хэвлэлийн мэдээлэл онцгой үүрэгтэй.
Нийгмийн зүгээс аливаа үйл ажиллагааны талаар хэдий чинээ нээлттэй, ил тод байх соёл хэвшүүлнэ төдий чинээгээр олон нийтэд мэдээллийн хүртээмж нэмэгдэж, төрийн үйл ажиллагаа үр дүнтэй, төрийн үйлчилгээ шуурхай, хүнд сурталгүй болно.
Эрх чөлөө бол хариуцлага. Энэ нь ард түмэнд үнэнийг хэлэхэд л оршино. Нийгмийг цэвэр ариун байлгах, авилга, хээл хахуулийг илчлэх, буруу үйлдлийг илчлэн шүүмжлэн, нийгмийн хурцадмал асуудлыг дэлгэн тавьж, ард иргэдийн анхаарлыг төвлөрүүлэхийн тулд ардчилсан нийгэмд хэвлэл мэдээлэл туйлын өндөр үүрэг гүйцэтгэдэг. Үүнийхээ төлөө хариуцлагатай ажиллах ёстой.
Чөлөөт сэтгүүл зүйн хараат бус мэдээлэл цуглуулах, боловсруулах, түгээх улс төр, эдийн засаг, эрх зүйн орчныг төр бүрдүүлэх үүрэгтэй.
- Эрх зүйн орчин нь таатай байхын тулд:
- Цагдан хяналтыг хуулиар хориглосон байх
- Сэтгүүлчийн нууц эх сурвалжаа хамгаалах эрх, үүргийг баталгаажуулах
- Төрийн албан бичиг баримт нээлттэй байх
- Хууль зүйн хариуцлага хүлээх чадвартай хэвлэн нийтлэгч, өргөн нэвтрүүлэгч байх ёстой
Хэвлэлийн эрх чөлөө бол онцгой үүрэг, онцгой хариуцлага болохоос онцгой эрх мэдэл биш юм. Иймд хэвлэл мэдээллийн өөрийн удирдлага, өөрийн зохицуулалтын үр дүн бүхий тогтолцоотой байх ёстой. Үүнд:
- Ёс зүйн дүрэм журам баталж мөрдөх, хэрэгжүүлэх тогтолцоотой байх
- Редакцийн хараат бус байдлыг баталгаажуулж, эзэн, удирдлагын зүгээс сэтгүүлчдийн өдөр тутмын үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцох, нөлөөлөхийг хориглох
- Иргэдээс өөртэй нь хамаатай аливаа нийтлэл, нэвтрүүлгийн талаар гомдол гаргаж, хариу өгөх эрхийг баталгаажуулсан байх
Ардчилсан нийгэмд хэвлэл мэдээлэл хязгааргүй эрх эдэлж, замбараагүй сул хөгжих ёстой мэт зарим хүмүүс ойлгодог.
- Ардчилсан (бүгдэд нээлттэй, хүртээмжтэй)
- Хараат бус (төр, засаг, аливаа нам, улс төрийн хүчин, эздээс хараат бус)
- Олон ургальч (нийгэмд буй олон янзын санаа бодлыг илэрхийлэгч)
- Бодит (хуурамч эх сурвалж, цуурхал, нотолгоогүй баримтад түшиглэхгүй)
- Тэнцвэртэй (өрөөсгөл бус, туйлширдаггүй)
- Шударга (алагчлахгүй, тал тохой татахгүй)
- Хариуцлагатай (төр, засаг түүний байгууламжуудад олон нийтийн өмнөөс хяналт тавьдаг)
- Ёс зүйт (мэргэжлийн ёс зүй, өндөр ёс суртахууныг эрхэмлэдэг)
Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөнд зөвхөн дор дурдсан нөхцөлд хязгаарлахыг олон улсын эрх зүйн хэм хэмжээний хүрээнд хүлээн зөвшөөрсөн байдаг. Үүнд:
- Үндэсний аюулгүй байдал, нийгмийн дэг журам, нийтийн эрүүл мэндийг хамгаалах, бусдын эрх, нэр хүндийг хүндэтгэх
Гэхдээ хязгаарлалтыг
- зөвхөн хуулиар тогтооно
- зайлшгүй шаардлагатай гэдгийг нотолсон байх
- хэм хэмжээндээ байгааг харуулсан байх
Дэлхийн олон оронд ХМХ-ээр архи тамхи, садар самуун, хүчирхийлэл сурталчлахыг хязгаарласан байдаг. Хязгаарлах гэдэг бол бүрмөсөн хориглох гэсэн үг биш юм. Хязгаарлалтад хүчирхийлэл, садар самууныг түлхүү харуулсан киног телевизээр гаргахдаа тодорхой цаг тогтоож өгөх, хүүхдийн кино, нэвтрүүлэгт хүчирхийллийг бага тусгах, хүчирхийлэл, архи, тамхи сурталчилсан зар сурталчилгаа явуулахыг хориглох зэргийг хамруулж болно.
СЭТГҮҮЛЧИЙН ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ТУЛГУУР НЬ ХАРААТ БУС БАЙДАЛ юм. Сэтгүүлч дор дурдсан этгээдээс хараат бус байвал шүүмжилж чадна. Үүнд:
- Төр
- Засгийн газар
- Улс төрч
- Засаг захиргаа
- Эдийн засгийн
- Бизнесийн бүлэглэл
- Бусад
Хариуцлагатай сэтгүүл зүйн соёлыг хэвшүүлэх нь сэтгүүл зүйн үйл ажиллагааг эрхэлж буй редактор, сэтгүүлч, сурвалжлагч, хэвлэл мэдээллийн байгууллагын бусад мэргэжилтнүүдийн өөрийнх нь ертөнцийг үзэх үзэл, иргэний байр суурь, итгэл үнэмшил, мэдлэг боловсрол, хүмүүжил ёс суртахуунтай ихээхэн холбоотой. Үүний зэрэгцээ мэргэжлийн ёс зүйгээ дээдлэх нь сэтгүүлчийн эрхэм үүрэг юм.
Сэтгүүлч үүргээ ухамсарласан хариуцлагатай сэтгүүлч хараат бус, хүчирхэг байж чадна. Сэтгүүлчийн мэргэжлийн ур чадварт нөлөөлөх гурван хүчин зүйл байдаг. Энэ нь:
- Мэдээлэлтэй байх
- Мэдлэгтэй байх (мэдээлэгдсэн мэдлэг- informed knowledge)
- Мэргэшсэн байх
Мэдээлэлтэй байх
Сэтгүүлч мэдээллийг олон сувгаар дамжуулан цуглуулдаг. Харин олон эх сурвалжийг судалж, баримт сэлтээ нотолгоожуулан бодитой дүгнэлт хийх нь сэтгүүлчдэд залхуутай санагддаг боловч энэ нь ердөө л эрхэлсэн ажлаа чанартай гүйцэтгэх эхний шалгуур юм. Нийгмийн хурц асуудлуудыг сурвалжлахдаа түүний далд буй баримтуудыг илчилж, олон нийтэд мэдээлэх нь туйлын чухал.
Буруу ташаа, туйлширсан өрөөсгөл мэдээлэл сэтгүүлчийг төөрөгдүүлдэг төдийгүй хуурдаг болохыг санах хэрэгтэй юм. Залхуурах нь хожим бүр илүү муу үр дагаварт хүргэж болзошгүй.
Мэдээлэл бол мэдлэгийн үндэс юм.
Мэдлэгтэй байх
Системтэй мэдлэг сэтгүүлчийг олон талтай, бүрэн дүүрэн, өв тэгш бие хүн болгон төлөвшүүлдэг. Олж цуглуулсан мэдээлэл, баримт сэлтүүдээ дэлгэж тавихдаа асуудлын мөн чанар, хор уршиг, нийгмийн үр дагавар болон бусад зүйлийн талаарх олон талт мэдлэгээ зөв зохистой ашиглах. Энэ мэдлэг нь өнгөц бус бол үр дүнтэй байх нь мэдээж. Ул суурьгүй мэдлэг сэтгүүлчийг мэдээлэл, баримтаа буруу зөрүү ашиглаж, асуудалд нэг талаас хандаж туйлширахад хүргэж болзошгүй төдийгүй улмаар олон нийтийн дунд төөрөгдөл үүсгэж, нийгэмд бүр илүү сөрөг нөлөө үзүүлж болзошгүй.
Мэргэшсэн байх
Аль нэг сэдвээр дагнан бичдэг сэтгүүлчдийг мэргэшүүлэх нь хэвлэл мэдээллийн байгууллагын дотоод соёл, иргэнлиг сэтгэхүйг хөгжүүлэхэд чухал нөлөөтэй. Мэргэшсэн сэтгүүлчтэй болсноор тухайн редакци тухайн асуудлыг өөрийн нийтлэл, нэвтрүүлгийн бодлогын нэг чиглэл болгон тогтмол хэрэгжүүлэх хүсэл эрмэлзэл бий болсныг илтгэнэ.Мөн чөлөөт сэтгүүлчдийг (freelancer) ч энэ чиглэлд татан оролцуулах нь зүйтэй юм. Сэтгүүлч тухайн асуудлаар мэргэших нь нийгэмд хэрэгтэй ашигтай илгээлт (message) өгөхөд нэн чухал. Энэ нь асуудалд өнгөц бус тодорхой байр сууринаас хандаж, тодорхой санал дэвшүүлэх боломж олгоно. Энэ нь сэтгүүлчид орчин үеийн сэтгүүл зүйн мэдлэг, бүтээлч сэтгэл, авъяас билгээс гадна хариуцлага, ёс зүйн өндөр зарчим баримтлахыг шаардана. Сэтгүүлч мэдээлэл, мэдлэгтэй байхаас гадна мэргэшсэн байвал илүү амжилтад шаардана.
Жишээ нь, сэтгүүлч хүчирхийллийн асуудлаар мэргэших хүсэл эрмэлзэлтэй бол юуны түрүүн энэ нь бидний оршин сууж буй орчин, нийгэмд туйлын их хор хохирол учруулдаг сөрөг үзэгдэл, соёлт хүмүүний тэвчиж үл болох зан үйл, авир араншин болохыг ойлгохыг мэдэрч, жигших хэрэгтэй юм. Үүнд сэтгүүлчийн мэдээлэл, мэдлэгээс гадна түүний иргэний байр суурь, итгэл үнэмшил, үзэл бодол зайлшгүй нөлөөлнө. Мөн хүчирхийлэлтэй тэмцэж, түүнийг бууруулж, улмаар арилгаж болно, үүнд өөрөө хувь нэмэр оруулж чадна гэдгээ ухамсарлан ойлгох нь тууштай хүсэл эрмэлзэл, мөн иргэний эр зоригтой холбоотой юм.
Сэтгүүлч мэдээлэлтэй, мэдлэгтэй, мэргэшсэн байхын тулд хүний эрхийн байгууллагуудтай нягт холбоотой ажиллах хэрэгтэй. Төрийн бус байгууллагууд нь хэвлэл мэдээллийн төдийгүй төр, засгийн болон бусад байгууллагын хувьд мэдээллийн нөлөө бүхий эх сурвалж болж чадна. Төрийн бус байгууллагууд нийгмийн шинэ, тулгамдсан асуудал, хүний эрхийн далд зөрчил, үүссэн хямралын талаар хэвлэл мэдээллийн байгууллагын анхаарлыг төвлөрүүлэх чадвартай.Төрийн бус байгууллагуудтай хамтран ажилласан нөхцөлд мэдээ, мэдээлэл, сурвалжлага бүрэн, нягт нямбай, алдаагүй, дэс дараалалтай болдог. Төрийн бус байгууллагын судалгаа, хэвлэл мэдээллийн байгууллагын чадавхи хоёр тухайн асуудлыг мэдээллийн зах зээлд дэвшүүлж тавих эсэх, тухайн асуудлыг шийдвэрлэхэд нөлөөлж чадах эсэхтэй холбоотой.