“Шударга сонгуулийн төлөө иргэний нийгмийн хяналт сүлжээ”-ний гишүүн байгууллага болох Глоб интернэшнл төв нь УИХ-ын 2024 оны сонгуулийн сурталчилгаанд телевизийн мониторинг хийж Сонгуулийн тухай хууль болон СЕХ, ХХЗХ-оос хамтран баталсан журмын хэрэгжилтэд хяналт тавин ажиллаж байна.
Мониторингийн зорилго нь УИХ-ын 2024 оны сонгуулийн үеэр ХМХ-ийн гүйцэтгэх үүргийг сайжруулах, ХМХ-ээр явуулж буй сурталчилгааны тэгш, тэнцвэрт байдал хэрхэн хангагдаж буйг олон нийтэд ойлгуулах, далд сурталчилгааг илрүүлэх, Сонгуулийн тухай хууль болон ХХЗХ-ны саналыг үндэслэн СЕХ баталсан “Радио телевизээр сонгуулийн сурталчилгааг нэвтрүүлэх, хяналт тавих, радио телевизийг бүртгэх, бүртгэхээс татгалзах” журмын хэрэгжилтэд хяналт тавих явдал юм.
УИХ-ын 2024 оны сонгуулийн үеэрх телевизийн мониторингд МҮОНТ, ТV9, Монгол TV, NТV, Eagle news гэсэн 5 телевизийг хамруулав. Дээрх телевизүүдийг сонгохдоо Хэвлэлийн хүрээлэн болон MMCG судалгааны байгууллагын гаргасан мониторингд суурилж, олон нийтийн санхүүжилт ашигладаг, хамгийн хүртээмжтэй, орон даяар цацагддаг, агаарын долгион ашигладаг, үзэгчдийн тоо, рейтинг өндөр, сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх албан ёсны эрхтэй зэрэг шалгуурыг үндэслэв.
6 сарын 10-26-ныг дуустал үргэлжлэх 3 үечлэлээр хийгдэж буй судалгааны нэгдүгээр үе буюу 6 сарын 10-16-ны өдрийг хүртэлх хугацаанд хийгдсэн судалгааны урьдчилсан дүнг танилцуулж байна.
Нэгдүгээр үе буюу 6 сарын 10-16 өдрүүдийн дүн
1. Судалгааны хугацаанд 5 телевизийн 1450 цаг 51 минут 41 секундын нэвтрүүлэгт мониторинг хийснээс 14% нь сонгуультай холбоотой мэдээлэл байв.
МҮОНТ-ийн сонгуультай холбоотой мэдээллийн 19%-ийг МАН, 16%-ийг ХҮН нам эзэлсэн бол АН, ИХН-д адил тэнцүү 12%-тай тэнцэх цаг оногджээ. Харин 5 телевизийн дүнгээс харахад МАН-ын тухай мэдээлэл дунджаар 31%-ийг эзэлсэн нь давамгай байна. МҮОНТ-ийн мэдээний хөтөлбөрийн талаас илүү буюу 52%-ийг МАН дангаараа эзэлжээ. Харин ХҮН нам 17%-ийг эзэлж байна. Бие даагчдын талаарх мэдээлэл МҮОНТ дээр 5% гарсан бол арилжааны телевизүүдэд 1%-иас хэтэрсэнгүй.
2. Нийт 5 телевизийн дунджаар төвийг сахисан мэдээлэл 44% байна. МҮОНТ-ийн нам, эвсэл, нэр дэвшигчидтэй холбоотой мэдээллийн 91% нь төвийг сахисан хандлагатай байсан бол сөрөг мэдээлэл 15% байна. Арилжааны сувгийн хувьд TV9 телевизийн мэдээллийн 86% нь эерэг хандлагатай, Монгол TV телевизийн мэдээллийн 76% байна. Сөрөг өнгө аястай мэдээлэл мөн л ТV9 телевизэд 8% хүрсэн нь бусдаасаа өндөр байна.
3. МҮОНТ-ийн сонгогчдын боловсролд зориулсан мэдээллийн хэмжээ өсөж 56%-д хүрсэн нь сайшаалтай юм. Харин арилжааны телевизүүдийн далд сурталчилгаа 6-28%-ийг эзэлж байна.
4. Телевизүүдийн далд сурталчилгааны шинжийг агуулсан мэдээлэлд МАН 52%-иар тэргүүлж байгаа бол АН 12%-иар удаалж байна.
5. Телевизүүд сонгуулийн хуулийн цагийн хязгаарлалтыг чанд баримталж байгаа нь мониторингоор харагдаж байна. Сонгуулийн тухай хуулийн 46.6 /60 минут/, 46.7 /15 минут/-д заасныг зөрчсөн тохиолдол илэрсэнгүй.
6. Сонгуулийн тухай хуулийн 46.2, 46.17 дахь заалтыг үндэс болгон мэтгэлцээн зохион байгуулах, сонгогчдын боловсролд зориулсан хараат бус сэтгүүл зүйн бүтээл бэлтгэн нэвтрүүлж буй нь сайшаалтай боловч зохион байгуулалтыг илүү боловсронгуй болгох шаардлагатай байна.
Глоб Интернэшл төв
Утас: 11-324627, 99170361