“Сэтгүүлчдийн эсрэг хүчирхийлэл, сонгуулийн шударга байдал болон олон нийтийн манлайллын үүрэг” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа.


“Сэтгүүлчдийн эсрэг хүчирхийлэл, сонгуулийн шударга байдал болон олон нийтийн   манлайллын үүрэг” сэдэвт хэлэлцүүлэг

Глоб Интернэшнл төв нь Нээлттэй Нийгэм Форум, Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг дэмжин хамгаалах олон улсын сүлжээ /IFEX/ байгууллагын дэмжлэгтэйгээр ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний комисс, Хэвлэл мэдээллийн зөвлөлтэй хамтран “Сэтгүүлчдийн эсрэг гэмт үйлдэл ял шийтгэлгүй үлдэж буйг таслан зогсоох Олон улсын өдөр” (IDEI)-ийг тохиолдуулан 2023 оны 11 дүгээр сарын 2-ны өдрийн 10:00-13:00 цагт “Сэтгүүлчдийн эсрэг хүчирхийлэл, сонгуулийн шударга байдал болон олон нийтийн манлайллын үүрэг” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа. 

Хэлэлцүүлгийг нээж НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишра, Глоб Интернэшнл төвийн Удирдах зөвлөлийн дарга Х.Наранжаргал, Хэвлэл мэдээллийн зөвлөлийн Гүйцэтгэх захирал Г.Гүнжидмаа нар үг хэлэв. 

Хэлэлцүүлгийн нэгдүгээр хэсэгт Глоб Интернэшнл төвийн хуульч, Л.Галбаатар, Хэвлэл мэдээллийн зөвлөлийн менежер Т.Амартүвшин, ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн Чиглэлийн ахлах мөрдөгч Т.Буянтогтох нар илтгэл тавив. Харин хоёрдугаар хэсэгт сэтгүүлчид “Сэтгүүлчдийн аюулгүй байдал ба үзэл бодлоо илэрхийлэх, мэдээлэл авах эрх чөлөө зөрчигдсөн кейс” сэдвийн дор өөрсдөдөө тулгамдсан асуудлын хүрээнд танилцуулга хийсэн юм. Харин хоёрдугаар хэсэгт сэтгүүлчид “Сэтгүүлчдийн аюулгүй байдал ба үзэл бодлоо илэрхийлэх, мэдээлэл авах эрх чөлөө зөрчигдсөн кейс” сэдвийн дор өөрсдөдөө тулгамдсан асуудлын хүрээнд танилцуулга хийсэн юм.

Энэ жилийн “Сэтгүүлчдийн эсрэг гэмт үйлдэл ял шийтгэлгүй үлдэж буйг таслан зогсоох Олон улсын өдөр”-ийн хүрээнд 2024 онд дэлхий нийтээр 81 улсад 2.6 тэрбум гаруй хүн сонгуульд оролцох гэж буйтай холбогдуулан сонгуулийн үеэрх сэтгүүлчдийн болон хэвлэл мэдээллийн ажилтнуудын эсрэг хүчирхийллийн нөхцөл байдлыг онцлон тэмдэглэж байна. Уг өдрийн хүрээнд дэлхий нийтээр зохион байгуулах үйл ажиллагаа нь сэтгүүлчдийн эсрэг халдлагын хэргүүдийг мөрдөн шалгах, шүүн таслах ажиллагааг бэхжүүлэх, ингэснээр, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, мэдэх эрх, хэвлэлийн эрх чөлөөг олон талын оролцоотойгоор хамгаалахад чиглэгдэж байна.

Дэлхийн хэмжээнд 2006-аас 2023 он хүртэлх буюу өнгөрсөн 17 жилийн хугацаанд нийтдээ 1600 орчим сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтан, нийгмийн сүлжээний агуулга туурвигчдын амь насыг хөнөөсөн хэрэг гарчээ. Эдгээр гэмт хэрэг үйлдэгчдийн 90 хувь нь зохих ял шийтгэлээ хүлээгээгүй байна.

2020 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр НҮБ-ын Хүний Эрхийн Зөвлөл Монгол Улсын хүний эрхийн төлөв байдлыг гурав дахь удаагаа дүгнэн хэлэлцээд, сэтгүүлчдийн аюулгүй байдлыг хангах, үйл ажиллагаагаа чөлөөтэй явуулах нөхцөлийг нь хангах, тэдний эсрэг үйлдсэн халдлагын аливаа хэргийг хараат бусаар мөрдөн шалгах нөхцлийг баталгаажуулж, гэм буруутай этгээдэд зохих шийтгэл хүлээлгэх зэрэг зөвлөмжүүдийг өгсөн юм.

Гэвч Монголын сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнууд, нийгмийн сүлжээний идэвхтнүүдийн аюулгүй байдалд халдах, тэднийг сүрдүүлэх, заналхийлэх, эх сурвалжийг нь илчлэхээр байцаах, дарамтлах, олон нийтийн эрх ашгийг хөндсөн мэдээ, сурвалжилга бэлтгэсний төлөө шүүхэд дуудах зэрэг зөрчил гарсаар байгааг ГИТ-ийн судалгааны үр дүн илтгэж байна. 

Иймээс, энэхүү Олон улсын өдөр нь үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хамгаалахын тулд сэтгүүлчдийн аюулгүй байдал, тэдний эсрэг аливаа дарамт хүчирхийллийг таслан зогсооход хууль тогтоогчид, шийдвэр гаргагчид, хэвлэл мэдээлэл, иргэний нийгэм болон олон нийтийн анхаарлыг хандуулж, мэдлэг ойлголтыг нь нэмэгдүүлэхэд чиглэж байна.    

ГЛОБ ИНТЕРНЭШНЛ ТӨВ

2023 оны 11 дүгээр сарын 2