Сэтгүүлчдийн эсрэг гэмт үйлдэл ял шийтгэлгүй үлдэж буй олон улсын өдрийн тулга үг- 2023
Глоб Итернэшнл Төвийн Удирдах зөвлөлийн дарга Х.Наранжаргал
Бид өнөөдөр “Сэтгүүлчдийн эсрэг гэмт үйлдэл ял шийтгэлгүй үлдэж буйг таслан зогсоох олон улсын өдрийг “Сэтгүүлчдийн эсрэг хүчирхийлэл, сонгуулийн шударга байдал болон олон нийтийн манлайллын үүрэг” сэдэв дор тэмдэглэж байна. УИХ-ын сонгуулийн тухай шинэ хуулиар 2024 онд сонгуулиа хийх манай улсын хувьд ч мөн цагаа олсон сэдэв, асуудлыг хөндөж байна.
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 2013 оны 12 сарын 18-ны өдрийн 68/163 тоот тогтоолоор жил бүрийн 11-р сарын 2-ны өдрийг “Сэтгүүлчдийн эсрэг гэмт үйлдэл ял шийтгэлгүй үлдэж буйг таслан зогсоох олон улсын өдөр” болгохыг шийдвэрлэсэн билээ.
2012 оны 4 сарын 13-нд Сэтгүүлчдийн аюулгүй байдал ба сэтгүүлчдийн эсрэг
гэмт үйлдэл ял шийтгэлгүй үлдэж буйг таслан зогсоох НҮБ-ын Үйл ажиллагааны төлөвлөгөө батлагдсан. Энэ төлөвлөгөөний гол зорилгыг “иргэдийн мэдээлэлтэй байх, нийгмийн асуудалд идэвхтэй оролцох боломжоор хангагч үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг баталгаажуулахад оршино “ хэмээн тодорхойлсон юм.
НҮБ-ын Үйл ажиллагааны энэ төлөвлөгөө нь цогц зорилт бүхий, зарчим, үйлдэл
бөгөөд НҮБ-ын байгууллагууд, Засгийн газар хоорондын байгууллагууд, ИНБ-ууд, мэргэжлийн эвлэл холбоод, ЮНЕСКО-гийн гишүүн орнууд хамтран боловсруулсан билээ. Энэ төлөвлөгөө батлагдсанаас хойш НҮБ-ын Ерөнхий Ассамблей, ЮНЕСКО-гийн Ерөнхий бага Хурал, Хүний эрхийн зөвлөлөөс 26 гаруй тогтоол батлан гаргажээ.
Олон улсын энэ өдөр энэ жил Хүний эрхийн түгээмэл Тунхаглал батлагдсаны 75 жилийн ойтой давхцаж байна. Тунхаглалын 19-р зүйлд үзэл бодлоо баримтлах, илэрхийлэх эрх чөлөөний эрхийг батагаажуулсныг бид мэднэ.
Ажил үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдсан сэтгүүлчдэд хүндэтгэл үзүүлж, сэтгүүлчдийн эсрэг үйлдсэн гэмт хэрэг ял шийтгэлгүй үлдэх аюулын тухай ойлголтыг нэмэгдүүлэх зорилго бүхий “Сэтгүүлчдийн эсрэг гэмт үйлдэл ял шийтгэлгүй үлдэж буйг таслан зогсоох олон улсын өдөр”-ийг энэ жил ЮНЕСКО, Америкийн Улсуудын Байгууллага (АУБ), Америк дундын Хүний эрхийн комисс (АДХЭК) болон түүний үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний асуудлаарх Тусгай илтгэгчийн ажлын алба (RELE) хамтран АНУ-ын Вашингтон хот дахь АУБ-ын төв байранд тэмдэглэх гэж байна. Арваннэгдүгээр сарын 2, 3-нд Америк тивийн ордонд дэлхий нийтээр сэтгүүлчдийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр хамтран ажиллах, чадавхийг дээшлүүлэх сонирхолтой оролцогч олон талуудыг нэгтгэсэн цуврал хэлэлцүүлэг, ярилцлага болно.
НҮБ-ын 2013 оны 68/163 тоот тогтоолоор гишүүн орнууддаа хандаж, сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнуудын эсрэг үйлдэгдсэн бүх хэлбэрийн хүчирхийллийн сэжиг бүхий хэргийг үр дүнтэй мөрдөн шалгах, эдгээр төрлийн гэмт хэрэг үйлдэгчдэд хариуцлага хүлээлгэх талаар боломжтой бүхнээ хийхийг шаардсан. Мөн гишүүн орнууддаа хандаж, сэтгүүлчдэд халдсан хэргийг хянан шинжилж, мэдээлэх, халдлагын хэргийг нийтээр буруушаах, эдгээр төрлийн халдлагыг мөрдөн шалгаж, шийтгэл ногдуулахад шаардлагатай нөөц бололцоог зориулах замаар сэтгүүлчдэд ажил үүргээ бие даан, хөндлөнгийн оролцоогүйгээр гүйцэтгэхэд нь аюулгүй, таатай орчин бүрдүүлэхийг уриалсан.
2013 оны 4-р сард ЮНЕСКО-гийн Гүйцэтгэх зөвлөл 191 дэх чуулганаараа ЮНЕСКО-гийн Сэтгүүлчдийн аюулгүй байдал, тэдний эсрэг үйлдэж буй гэмт хэрэг ял шийтгэлгүй үлдэж буйг таслан зогсоох Ажлын төлөвлөгөөг баталсан ба үүнтэй уялдуулан “Сэтгүүлчдийн аюулгүй байдлын шалгуур үзүүлэлт”-ийг баталсан билээ. Шалгуур үзүүлэлтийг 2015 оны 7-р сарын 28-нд шинэчилж, дэлхийн хэмжээний ба үндэсний хэмжээний болгосон.
Энэ оны 6-р сарын 30-ны өдөр УИХ-ын 59-р тогтоолоор батлагдсан Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн 3.4.2 дахь хэсэгт “Авилга, албан тушаалынгэмт хэргийн талаар мэдээлсэн сэтгүүлч, хэвлэл мэдээллийн хэрэгслийг аливаа дарамт,шахалт, сүрдүүлгээс хамгаалах эрх зүйн зохицуулалтыг бий болгоно”
Энэ жилийн олон улсын энэ өдрийг тэмдэглэх үзэл баримтлалд “сэтгүүлчдийн эсрэг хүчирхийлэл үйлдэгдсэн тохиолдолд олон улсын хүний эрхийн хуулийн дагуу урьдчилан сэргийлэх, хамгаалах, шударга ёсыг хангах эерэг үүргээ биелүүлэхийг Улсуудаас шаарддаг. Урьдчилан сэргийлэх үүргийн тухайд төрийн байгууллагууд сэтгүүлчдийн эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлэхэд хувь нэмэр оруулахуйц яриа өрнүүлэх, мөн нөгөө талаас сэтгүүлчдийн ажил үйлсэд учрах эрсдлийг нэмэгдүүлж болзошгүй хүчтэй мэдэгдэл гаргахгүй байх нь чухал. Ингэснээр сэтгүүлчдийн бэлтгэн түгээсэн мэдээлэл нь төрийн ашиг сонирхолд нийцэхгүй, шүүмжлэлтэй, таагүй байсан ч сэтгүүлчийн хөдөлмөрийн хууль ёсны байдал, үнэт зүйлсийг тууштай, тодорхой, нийтээрээ албан ёсоор хүлээн зөвшөөрч буйг илтгэнэ.
Сэтгүүлчдийн эсрэг хүчирхийлэл, төрийн албан хаагчдын зүгээс сэтгүүлчдийг буруутган зэмлэх явдал ялангуяа сонгуулийн үйл явцын үеэр эрчимждэг. Энэ тохиолдолд хэвлэлийн үүргийг бие даасан ажиглагч байх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний нийгмийн хэмжүүрийг хэрэгжүүлэх хэрэгсэл болохын хувьд хүлээн зөвшөөрөхийг Улсуудад уриалж байна. Сэтгүүлчид нэр дэвшигчид, сонгуулийн үйл явц, аюулгүй байдлын асуудлуудын талаар баталгаатай баримтад тулгуурласан мэдээ сурвалжлага бэлтгэхээс гадна хойшлуулшгүй болон олон нийтийн анхаарлыг татсан асуудлын талаарх мэдээллийг тодруулж түгээдэг. Ингэснээр тэд сонгогчдыг хангалттай мэдээлэлтэй, шийдвэр гаргах янз бүрийн шалгууртай болоход хувь нэмрээ оруулдаг. Тусгай илтгэгчдийн 2009 оны Хамтарсан тунхаглалд “сонгогчид зохистой мэдээлэлтэй, олон ургальч, хангалттай мэдээлэл хүртээмжтэй байж гэмээнэ чөлөөт, ил тод сонгууль явагдана” гэж онцлон тэмдэглэсэн.
Үзэл баримтлалд мөн “Сэтгүүлчдийн амь насыг хөнөөсөн гэмт хэргийн 86 орчим хувьд гэмт этгээд ял шийтгэлгүй үлдэж байгаа нь сэтгүүлчдийн эсрэг хүчирхийлэл, заналхийлэл, халдлагын хэргүүдийн ихэнхийг сайтар мөрдөн шалгадаггүй болохыг харуулж байна. Гэмт үйлдэл ял шийтгэлгүй үлдэж байгаа ийм өндөр түвшин түгшүүртэй тул Улсууд эдгээр гэмт хэргийг бүрэн гүйцэт, үр дүнтэй, шударгаар мөрдөн шалгаж, сэдлийг тодруулж, тэдний харилцан холбоог шүүхээр тогтоох ёстой гэдгийг сануулж байна. Үүнд сэтгүүлчдийн эсрэг хүчирхийллийн бүх заналхийллийг зохистой шийдвэрлэх чадвартай, бие даасан шүүхийн тогтолцоо, прокурор, омбудсмены албад зайлшгүй шаардлагатай” гэжээ.
Манай улсад сэтгүүлчдийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулсных нь төлөө шүүх, цагдаад дуудах үзэгдэл түгээмэл байна. Ялангуяа сонгуулийн жилд гомдол, нэхэмжлэлийн тоо огцом өсдөг. Иргэн, эрүүгийн журмаар гомдол, нэхэмжлэлээ давхар өгдөгөөс сэтгүүлчдийг хуулиар далайлган залхаан цээрлүүлэх жишиг тогтжээ. Манай сонгуулийн тухай хуулиуд сэтгүүл зүйн бие даасан үйл ажиллагааг баталгаажуулаагүй, хууль зөрчсөн тохиолдолд хэвлэл мэдээллийн байгууллагын үйл ажиллагааг хязгаарлах, зогсоох, тусгай зөвшөөрлийг цуцлах зэргээр төлбөртэй сурталчилгааны үүрэг хариуцлага ногдуулсан хатуу зохицуулалттай тул сэтгүүлч, ХМБ-ын ажилтнуудад айдас түгшүүр төрүүлж, цагдан хяналт, ялангуяа редакцийн блон уурийн цагдан хяналтыг өөгшүүлдэг.
2020 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр НҮБ-ын Хүний Эрхийн Зөвлөлийн 36 дахь чуулганаар Монгол Улсын хүний эрхийн төлөв байдлыг гурав дахь удаагаа дүгнэн хэлэлцсэн билээ. Тус чуулганаар Хүний эрхийн зөвлөлөөс Монгол улсад үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг бүрэн утгаар нь хэрэгжүүлэх талаар дараахь зөвлөмжийг өгсөн юм. Үүнд:
• Сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнуудын эсрэг үйлдсэн халдлагыг хараат бусаар мөрдөн шалгах нөхцөлийг баталгаажуулж, гэм буруутай нь тогтоогдсон этгээдэд шийтгэл хүлээлгэх
• Хүний эрхийг хамгаалагчид, иргэний нийгмийн байгууллагуудыг заналхийлэх, айлган сүрдүүлэх, дарамтлахаас хамгаалсан хууль тогтоомж баталж, хэрэгжүүлэх, сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнуудын эсрэг үйлдсэн халдлагын хэргийг мөрдөн шалгах, буруутай этгээдэд хариуцлага оногдуулах
Эдгээр зөвлөмжийг хэрэгжүүлэхэд улс төрийн хүсэл зориг юу юунаас чухал.
Монгол Улс НҮБ-ын Үйл ажиллагааны төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд дорвитой хувь нэмэр оруулах бүрэн боломжтой. Засгийн газар хэвлэл мэдээллийн салбарт үйл ажиллагаа явуулж буй ТББ-ууд, сэтгүүл зүйн боловсролын байгууллага, хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлэн сэтгүүлчдийг хамгаалах, тэдний аюулгүй байдлыг хангахын тулд сэтгүүлчдэд, мөн хууль сахиулах байгууллага, шүүгчдэд сургалт, хэлэлцүүлэг явуулах, хоорондын уялдаа холбоог бэхжүүлэх, гадаадын сайн туршлагаас суралцах зэргээр хамтран ажиллахыг хөхиүлэн дэмжиж, Үндсэн Хуулийн 10-т зааснаар олон улсын хамтын нөхөрлөлийн өмнө хариуцсан үүргээ ёс төртэй биелүүлэх нь чухал юм.
Та бүхэнд амжилт хүсье!