“Төсвийн үйл явцад нийгмийн эгэх хариуцлагын ойлголт, арга хэрэгслүүдийг ашиглах нь” цахим цуврал сургалт үргэлжилж байна

Швейцарын хөгжлийн агентлаг, Нийгмийн эгэх хариуцлагын дэлхийн түншлэлээс санхүүжүүлж, Дэлхийн Банкнаас хэрэгжүүлж буй “Монгол Улсад ил тод байдал, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэхэд нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх нь” буюу МАСАМ 2 төслийн хүрээнд “Төсвийн үйл явцад нийгмийн эгэх хариуцлагын ойлголт, арга хэрэгслүүдийг ашиглах нь” цахим цуврал сургалт үргэлжилж байна. Төрийн болон иргэний нийгмийн байгууллагуудын чадавх бэхжүүлэх зорилготой энэхүү сургалтад Сэлэнгэ аймгийн төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл, нийт 33 хүн оролцож байна. Сургалтыг Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газар болон “Эерэг өөрчлөлтийг хамтдаа” ТББ-тай хамтран зохион байгуулж байна.

Сургалтыг Сэлэнгэ аймгийн Засаг даргын орлогч Ж.Сайнцог нээсэн хэлсэн үгэндээ, МАСАМ 1 төсөл Сэлэнгэ аймагт боловсрол, эрүүл мэндийн салбарт 2017 – 2019 онд хэрэгжсэнээр тус салбаруудын үйлчилгээ, хүртээмжийг сайжруулах бодлогын зорилтуудыг хангахад маш чухал, бодит дэмжлэг болсныг онцлов. Тэрбээр, “Төр, иргэн, иргэний нийгмийн байгууллагын хамтын ажиллагаа нь энэхүү төслийн амин судас” учраас “төслийг анхнаасаа зөв төлөвлөж, гүйцэтгэлийг тогтмол үнэлж, хяналтыг сайжруулан, хөрөнгө оруулалтын үр нөлөө, үр ашгийг сайтар тооцох нь чухал болохыг сургалтад оролцогчдод сануулав. 

11 дүгээр сарын 9-нөөс 12 хүртэл үргэлжлэх тус сургалт нь төсвийн хөрөнгө оруулалт болон эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний үр дүн, үр ашгийг сайжруулах чиглэлээр төсвийн үйл явцад нийгмийн эгэх хариуцлагын арга хэрэгслийг оновчтой хэрэгжүүлэх мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх зорилготой. Өнөөдрийн сургалтаар нийгмийн эгэх хариуцлагын үндсэн ойлголт, арга хэрэгслүүд болоод тэдгээрийн тусламжтайгаар төрийн үйл ажиллагаа хэрхэн сайжирсан жишээнүүдийг олон улсын болон МУ-ын жишээн дээр ярьж, хэлэлцлээ. Энэхүү сургалтаар оролцогчид нийгмийн хариуцлага гэдэг бол яагаад бидний мэдэх, оролцох болон чанартай үйлчилгээ авах эрх болоход суралцлаа. 

Сургалтад Сэлэнгэ аймгийн төрийн байгууллагуудыг төлөөлж, АЗДТГазраас Санхүү төрийн сан, Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн мэргэжилтнүүд зэрэг 4, Эрүүл мэндийн газрын Эрүүл мэндийн эдийн засаг, төсвийн төлөвлөлт, хөрөнгийн бүртгэл, хөрөнгө оруулалт хариуцсан мэргэжилтнүүд гэх мэт 5, Орон нутгийн өмчийн газар болон Санхүү, хяналт аудитын албанаас тус бүр хоёр хоёр, мөн Сүхбаатар сумыг төлөөлөлж төрийн сангийн мэргэжилтэн, хөдөө аж ахуй болон санхүүгийн албанаас төлөөллүүд оролцож байна. 

Дөрвөн өдөр үргэлжлэх тус сургалт нь төсвийн хөрөнгө оруулалт болон эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний үр дүн, үр ашгийг сайжруулах чиглэлээр төсвийн үйл явцад нийгмийн эгэх хариуцлагын арга хэрэгслийг оновчтой хэрэгжүүлэх мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх зорилготой. Энэхүү сургалт нь, эхний ээлжинд, 12 сарын 10 хүртэл зургаан удаа зохион байгуулагдах бөгөөд Сэлэнгэ аймаг нь гурав дах орон нутаг болж байгаа байна. Эхний сургалтуудад Говь-Сүмбэр болон Өвөрхангай аймгийн төрийн болон төрийн бус байгууллагын төлөөллүүд оролцов.

“Монгол Улсад ил тод байдал, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэхэд нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх нь” буюу МАСАМ 2 төслийн хамтран хэрэгжүүлэгчээр манай Глоб Интернэшнл төв нь Дэлхийн Зөн Монгол ОУБ, Хүүхдийг Ивээх Сангийн хамт ажиллаж байна.