
МУБИС-ийн Сэтгүүлчийн 4-р ангийн оюутан С. Ундармаа
Монгол Улс 2021 оны Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийг Covid-19 онцгой нөхцөл байдалд, цахим сорилтын дунд хийх гэж байна. Учир нь сонгуулиар амилдаг гэж хэлж болох троллууд нийгмийн сүлжээнд нийтлэгдсэн пост, мэдээллийн сайтын мэдээний дор сэтгэгдэл бичих хэлбэрээр нууц хаягаас троллинг хийж хүчээ авч эхэлжээ. Тролл гэдэг нь нийгмийн сүлжээг ашиглан санаатай болон санамсаргүйгээр нийгмийг эмх замбараагүй, аюултай байдалд хүргэх эрсдэлд хүргэгч юм. Тэд харилцааны соёлын хэм хэмжээг зөрчиж, иргэдийн амар тайван байдлыг алдагдуулах, ярианы сэдвээс хазайж уншигчдын сэтгэл хөдлөлийг ашиглан талцуулах үйлдлийг хийдэг. Үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, сайн дураараа эвлэлдэн нэгдэх, чөлөөт шүүмжлэл өрнүүлэх нь ардчилсан нийгмийн үнэт зүйлст тооцогддог болохыг монгол дахь Конрад-Аденауэр-Сангаас эрхлэн гаргасан “Монгол дахь ардчилал, иргэний нийгмийн өнөөгийн байдлын нийгэм-улс төрийн судалгаа” бүтээлд өгүүлжээ. Иргэдэд сонгуулийн болоод нийгмийн сүлжээг ашиглах боловсрол дутмаг байгаа нь ажиглагдаж байна. Сонгогчдод бүх талаар ойлгомжтой, тодорхой мэдээлэл өгөх нь сонгуулийг зардал багатай, хоёрдугаарт цаг хугацааг хэмнэн явуулахад тустай бөгөөд сонгогчдын боловсрол сайн байх тусам сонгуулийн ирц бүрдэж, цаашлаад улс орны хөгжилд үзүүлэх үүрэг, оролцоо хамаарна.
Залуучуудад сонгууль, улс төр гэх мэт ойлголт хол хөндий, ойлгомжгүй санагддаг үе өнгөрсөн болохыг нийгэмд тэр дундаа залууст чиглэсэн “Зориг сан”, “Улаанбаатар паспорт” байгууллагууд хамтран хэрэгжүүлж буй улс төрийн харъяалалгүй “Өглөө” төсөлт хөтөлбөрөөс харж болно. Залуусын сонгуульд хандах идэвх, оролцоо өндөр байгааг өмнө жил тус төслийн хүрээнд хийгдсэн контентууд харуулсан. Энэ жил ч, мөн адил залуучуудын оролцооны асуудал тэргүүн эгнээнд яригдаж байна. Сонгуулийн үйл явцыг ойлгох, түүнд утга учиртайгаар оролцоход хүргэж буй мэдээлэл, боловсруулсан мөрийн хөтөлбөр чухал болохыг ч залуусын оролцоог нэмэгдүүлэхэд чиглэсэн “Өглөө”-гийн үйл ажиллагаа харуулж байна.
Тэгвэл, сонгогчийн боловсролыг эзэмших нь яагаад чухал вэ? Сонгогчийн боловсролыг сонгогчдод сонгуульд саналаа өгөхийн ач холбогдлыг танин мэдүүлж, иргэн бүр сонгуульд санал өгөхөд бэлэн байлгахад чиглэсэн ойлголт хэмээн тодорхойлдог. Ардчилсан сонгууль дахь иргэдийн хандлага нь оролцооноос шууд хамааралтай. Асуудлын шийдлийг төр, эсвэл хэн нэгэн албан тушаалтан руу тохож, халаглаж суудаг үеийг “Z” буюу чөлөөтэй хөрвөдөг, задгай сэтгэлгээтэй, олон талын чадварыг агуулсан гол давуу талтай үеийнхэн өөрөөр тодорхойлох боломжтой болжээ. Түүнчлэн нийгмийн сүлжээ техник технологийн хөгжлийн талаар өргөн мэдлэгтэй нь тэдэнд маш том давуу талыг олгодог. Өөрөөр хэлбэл, техник технологийн хөгжлийн мэдрэмж, чиг хандлага түүний мөн чанарыг бүрэн төгс ойлгож мэдэрсэн дижитал хүмүүс юм. Мөн тэд аливаа зүйлийн хийсвэр, бодитын хоорондох зааг ялгааг тун сайн мэддэг гэдгээрээ онцлог болохыг тодорхойлсон байдаг. Тиймээс аль нам, хэн гэдэг гишүүний төлөө санал өгөх вэ гэхээс илүүтэй, хэрхэн санал өгөх вэ гэдэгт анхаарах нь чухал. Цар тахлын үеийн чөлөөт, шударга, ардчилсан сонгуулийн үйл явцад олон тролл оролцдог сөрөг жишиг бий болсноор, хэвлэл мэдээлэл, мэргэжлийн сэтгүүлчдийн үүрэг, хариуцлагын үнэлэмж буурч байна. Сонгуулийн санал хураах үйл явц, сонгогчдын сэтгэл зүйд ч сөргөөр нөлөөлдөг. Үйлдэл хийхгүй бол өөрчлөлт гарахгүй гэдэг. Бид сонголтоо хийхдээ тухайн нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөртэй танилцаж, тодорхой хэмжээний судалгаан дээр тулгуурлаж санал өгөх соёлтой болсноор үеийнхэндээ болон ирээдүйд сонгуульд санал өгөх залууст нөлөөлж чадна.
Мөрийн хөтөлбөрөөр дамжуулан сонгогчдын санаа бодолд нөлөөлөх нь
Өндөр хөгжилтэй, хөгжиж буй улс орны сонгогчид нь, зөвхөн нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөр, хийж хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөн дээр тулгуурлаж сонголтоо хийдэг байна. Хэрэв мөрийн хөтөлбөрийг харгалзахгүй сонголт хийвэл эргээд ирэх ачаа хүнд байх болно гэдгийг АНУ, Герман зэрэг орны иргэд мэддэг. Харин залууст мотиваци буюу идэвхжүүлэлт, сэдэл авах нөлөөллийн ямар нэгэн зүйл байхгүй бол нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөртэй танилцаж, нэмж судалж сонирхох иргэд тун цөөн байдаг аж. Үүний улмаас, зарим хүн Монгол улс хэдхэн намын тойрог дээр тогтдог юм чинь өнгөрсөн жил сонгогдоогүй аль нэг намын гишүүн л энэ жил сонгогдох байх гэсэн хандлагатай байдаг.
Нийгмийн сүлжээнд мэдээлэх, мэдээлэл хүлээн авах чадвар юу юунаас илүүтэй чухал
Өндөр хөгжилтэй, хөгжиж буй улс орны олон нийтийн сүлжээг хэрэглэгчид нэр хаяг нь хуурамч бол найзлах, дагахаас татгалздаг. Түүнчлэн, олон нийтийн сүлжээ нь хэвлэл мэдээллийн хэрэгсэл биш, дамжуулах суваг гэдгийг хүн бүр мэддэг болох нь чухал байна. Мөн, цахим сүлжээнд цацагдсан аливаа төрлийн хуурамч мэдээллийг тодруулаагүй тохиолдолд үнэн гэдэгт итгэдэггүй. Тухайлбал, Их Британид хуурамч хаягийг иргэд дагадаггүй аж. Ингэхдээ нийгмийн сүлжээг хэрэглэгч нь өөрөө энэхүү сүлжээнийхээ талаар боловсролтой байх ёстой гэж үздэг тул, хэрэглэгчид өөрсдөө энэ мэт хуурамч мэдээллийн агуулгыг цэвэрлэдэг жишигтэй байна. Мөн шүүмжлэх, шоолох байдлаа алдалгүй, хуулийн хүрээнд хөгжилтэй байдлаар санал сэтгэгдэл, шүүмж илэрхийлж байгаа нь харагддаг. Харин, коммунист дэглэмтэй орнуудад сонгуулийн үеэр нийгмийн сүлжээг тодорхой хугацаанд хязгаарлах нь ч бий. Ингэснээр үүсч болох аливаа эрсдэл, халдлагаас урьдчилан сэргийлж чадна гэж үздэг. Угтаа, нийгмийн сүлжээгээр сонгуулийн тухай хүргэж буй мэдээлэл нь иргэдийг бодитой, баримттай, олон талын эх сурвалжаас баталгаажсан, тэнцвэртэй мэдээллээр хангах зорилготой байх ёстой. Энэ нь сонгуулийн үед сонгогчдын боловсролын асуудалд анхаарал тавьж, тусгай булан, эфирийн цаг гарган ажиллах, иргэдийн мэдэх эрхийг бүх төрлөөр хангахыг эрмэлзэх, иргэд сонгогчдын дуу хоолойг олон нийтэд хүргэх боломжоор хангах зэрэг асуудал юм. Мөн намууд, нэр дэвшигчдэд ялгаварлалгүйгээр тэнцвэртэй хандах, хэвлэл мэдээллийн байгууллага, редакц, сэтгүүлч мэргэжлийн зарчим буюу үнэн бодит байх, тэнцвэртэй мэдээлэл хүргэх зарчмаа өндөрт баримтлах ёстой. Гэтэл, хэрэглэгчид дагагч ихтэй, олны танил хүмүүс, сэтгүүлчдийн хувийн хуудсаараа дамжуулж буй хувийн үзэл бодлоор нь сонголт хийх хандлага мөн ажиглагддаг.
2020 оны УИХ-ын сонгуулиар Сонгуулийн ерөнхий хороо өөрийн фэйсбүүк хуудсаар сонгогчийн боловсролын цуврал бичлэг хүргэсэн. Яг үүний адил нэр дэвшигчид мөрийн хөтөлбөрөө иргэн бүрт зориулж бүтээх нь чухал. Монгол Улсын хувьд сүүлийн жилүүдэд сонгогчийн боловсролд харьцангуй анхаардаг болсон хэдий ч зөвхөн сонгууль дөхөхөд л ярьдаг ба түүнчлэн сөрөг хүчнээ унагаах, өрсөлдөгчийнхөө хувийн мэдээлэлд хэт халдах гэх зэрэг хууль бус үйлдүүд гарсаар байгаагбид мэдэх билээ. Зөвхөн сонгогчийн боловсролоор ардчиллыг бий болгож чадахгүй ч, түүнийг хамгаалж чадна хэмээн зарим судлаачид үздэг. Саналаа өгөх нь сонгуулийн эцсийн үр дүнд нөлөөлөх гол алхам. Тухайн сонгууль ямар тогтолцоогоор явж байгаагаас хамаарч сонгогчдын санал хэрхэн тоологдох нь шалтгаалдаг ч, манай улсын хувьд нэг саналын үнэ цэн өндөр хэвээр байсаар байна. Тиймээс хуурамч мэдээлэл, нийгмийн сүлжээний тавилттай жүжигт бус нэр дэвшигчийн мөр хөтөлбөртэй танилцаж, сайтар судалж байж сонголтоо хийж, саналаа өгөх нь зөв юм.
Тролл ба сэтгэл хөдлөлд захирагдсан шийдвэр
Нийгмийн сүлжээн дэх сайтууд дээр нийтлэгдэж буй мэдээлэл хууль бус, хувь хүний нэр төрд халдсан, гүтгэлгийн шинжтэй, оюуны өмчид халдсан, садар самуун сурталчилсан тохиолдолд бусад оронд нийтлэхгүй байх боломжтой байдаг тухай Германы хууль, эрх зүйн сургалтын гарын авлагад өгүүлжээ. Тэрхүү худал мэдээллийг хянаж гомдол гаргасан тохиолдолд нийгмийн сүлжээнээс устгах цаашлаад холбогдох этгээдэд сануулга өгөх, хөдөлмөрийн хөлсний тодорхой хэмжээгээр торгох гэх мэт зохих арга хэмжээ авч ажилладаг байна. Харамсалтай нь, ийм мэдлэг монголчуудад байдаггүй. Эвлүүлсэн зураг, элдэв шуугиан, худал хуурмаг, зөвхөн нэг талаас нь харуулсан мэдээ, видео бичлэгүүд ар араасаа хөвөрсөөр. Троллууд ихэвчлэн нийгмийг талцуулах, олон нийтийн анхаарлыг үндсэн сэдвээс хазайлгаж, өөр зүйл рүү чиглүүлэх, санаа бодлыг эргүүлэх зорилготой үйл ажиллагаа явуулдаг. Тухайлбал, интернет троллуудыг улс төрийн үйл ажиллагаа, сонгуулийн үеэр ашиглах явдал нэмэгддэг. Хэдийгээр зорилго, шалтгаан, шинж чанараараа троллууд өөр хоорондоо ялгардаг боловч, хувь хүн, нийгмийн бүлэг хүмүүс рүү чиглэдгээрээ ижил шинж чанартай. Тэд хүмүүсийн сэтгэл хөдлөлийг ашиглан тоглолт хийж, өдөөн хатгасан шинжтэй мэдээллийг бичиж, хүмүүсийг хооронд нь талцуулж, маргаан үүсгэдэг. Нэг ёсондоо бид сонгуулийн талаар ойлголтгүй бол тэдний бай болж, тархиа угаалгасан сонголт хийнэ гэсэн үг. Төлбөрт материалын тоо олшрохын хэрээр сонгууль сонголт биш, мөнгөн дээр тогтдог систем рүү шилжих аястай болж байна. Хуулийн байгууллагаар тогтоогдоогүй баримт сэлтийг түгээн, мэдээллийг дэвэргэх нь иргэдийн улс төрийн боловсрол бага байгааг илтгэдэг гэж улс төр судлаачид үздэг. Интернет хэрэглээ хөгжиж буй өнөө цагт сонгуулийн мөрийн хөтөлбөр бол иргэдийн сонголт хийхэд нөлөөлөх гол хүчин зүйлсийн нэг яах аргагүй мөн.
Энэхүү бүтээлийг АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн тусламжтайгаар Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэнгийн хэрэгжүүлж буй “Залуучууд, эмэгтэйчүүдийн сонгууль, улс төрийн оролцоог идэвхжүүлэх нь” хөтөлбөрийн хүрээнд бүтээв. Бүтээлд илэрхийлэгдсэн агуулга нь хувь хүний үзэл санаа бөгөөд АНУ-ын засгийн газар эсхүл дээрх агентлаг, хүрээлэнгийн албан ёсны байр суурь биш болно.