
Ярилцсан: сэтгүүлч П.Батзаяа, Өдрийн сонин, 2021.02.19-ний өдрийн №034 (6656)
-Холбогдох хуулийн дагуу гэхээр яг ямар хуулиар хариуцлага хүлээлгэх юм бол?
-Энэ асуудал дээр албаны тайлбар өгч байгаа нь холбогдох хууль гэдэгт Эрүүгийн хуулийн 14.1-т юм уу Зөрчлийн тухай хуулийн 5.11-т заасан Гамшгаас хамгаалах хууль тогтоомжийг зөрчих гэсэн эдгээр хуулиуд орох уу гэхээр орохгүй гэж байгаа юм. Хэрэв ямар нэгэн байдлаар дээр дурдсан хуулийн заалтаар хариуцлага тооцох юм бол үүнийг хэзээ ч хүлээн зөвшөөрч болохгүй. Өөрөөр хэлбэл, мэдээлэл өгсөн иргэнийг Эрүүгийн хэрэгт холбогдуулж, 450 мянгаас сая 1,300,000 мянган төгрөгөөр торгох юм. Цаашилбал, зорчих эрхийг хязгаарлаж нийтэд тустай ажил хийлгэх зохицуулалттай. Мөн Гамшгаас хамгаалах тухай хуулийг зөрчвөл Зөрчлийн хуулийн 5.13.1-т заасны дагуу иргэнийг 500 мянга, хуулийн этгээдийг таван сая төгрөгөөр торгох эрсдэлтэй. Тиймээс холбогдох хууль гэдгээ тодорхойлохгүй бол Төрийн албаны хууль, Хөдөлмөрийн хуулиасаа халиад Эрүүгийн хууль, Зөрчлийн хуулиар тооцоод байх юм бол урвуугаар ашиглагдана. Түүнчлэн албаны хүмүүс Засгийн газрын тогтоолын зүйл заалт бүр нь ойлгомжтой байх хуулийн шаардлагад нийцсэн байх ёстой.
-Нэг сувгаар мэдээлэл өгнө гэх Засгийн газрын шийдвэр хэвлэлийн эрх чөлөөг зөрчиж байгаа үйлдэл биш үү?
-Хэвлэлийн эрх чөлөөнд Засгийн газрын шийдвэр нөлөөлж байна уу гэвэл нөлөөлж байгаа. Хэвлэл мэдээллийн байгууллагуудад цар тахлын үед мэдээллийн эх сурвалжийн дутагдал үүссэн. Үүн дээр нэмээд төрийн байгууллагын холбогдох албан тушаалтнууд ямарваа нэгэн чиглэл зааваргүйгээр мэдээлэл өгөх боломжгүй болчихлоо. Тэгэхээр мэдээллийн дутагдал үүссэн энэ цаг үед нэг сувгаар мэдээлэл гэж байгаа нь гал дээр тос нэмсэн үйлдэл. Өөрөөр хэлбэл, дур мэдэн мэдээлэл өгөх юм бол ажил, албан тушаалтай нь хуулийн дагуу хариуцлага тооцох учраас төрийн албаныханд айдас болчхоод байна. Түүнчлэн Засгийн газраас нэг сувгаар өгч байгаа мэдээллээс давсан мэдээллийг бусад төрийн байгууллагуудаас авах, лавлах хэвлэл мэдээллийн байгууллагын бололцоог хааж байгаа хэрэг. Өөрөөр хэлбэл иргэд Засгийн газраас өгч байгаа нэг эх сурвалжтай мэдээллийг хүссэн ч эс хүссэн ч авах нь. Тиймээс Засгийн газрын энэ тогтоол урвуугаар ашиглагдах, хэм хэмжээндээ нийцэхгүй хэтрүүлэн ашиглагдах эрсдэлийг бий болгох боломжтой.
-Мэдээллийн эрсдэлийн түр хороог байгуулах хэрэгцээ шаардлага юу байсан гэж та харж байгаа юу?
-Өнгөрсөн хугацаанд төрийн байгууллагуудаас өгч буй мэдээлэл нь хангалтгүй, үнэн бодит бус, шуурхай байж чадаагүйгээс олон хүндрэлтэй асуудал үүсгэдэг гэдгийг харсан. Тэр ч бүү хэл мэдээллийн уялдаа холбоо муутайгаас үүдэн хүний амь нас хохирсон гашуун түүх байна. Тиймээс эдгээр асуудлууддаа анхаарч ажиллах гэсэн оролдлого. Гэхдээ ойлгомжгүй асуудлууд юу байна гэхээр Мэдээллийн эрсдэлийн түр хороо нь таван хүний бүрэлдэхүүнтэй. Ажлын шуурхай хэсэг гэдэг нь УОК-ыг хэлж байгаа юм уу эсхүл өөр байгууллагыг хэлж байгаа юм уу гэдэг нь ойлгомжгүй. Мөн мэдээллийг нэг сувгаар Мэдээллийн эрсдэлийн түр хорооноос өгсөн чиглэлийн дагуу өгнө гэж заасан. Гэтэл нэг суваг гэдэг нь ЭМЯ-ны 11 цагийн мэдээллийг хэлж байгаа юм уу, өөр мэдээлэл байх юм уу гэдэг нь ойлгомжгүй байгаа юм. Мөн өгөгдсөн чиглэл гэдэг нь амаар өгөх юм уу, бичгээр өгөх юм уу гэдэг нь тодорхойгүй. Чиглэл гэдэг нь хууль зүйн ойлголтын хувьд заавал биелүүлэх шинжтэй биш. Ямартаа ч Мэдээллийн эрсдэлийн түр хорооноос чиглэл өгөөд түүний дагуу тодорхой албан тушаалтнууд мэдээлэх юм шиг байгаа юм. Тэгэхээр ийм чиглэл аваагүй, мэдээлэл өгөх эрх нь үүсээгүй хүмүүс хариуцлагаас айгаад мэдээлэл өгөхгүй. Энэ мэтчилэн ойлгомжгүй асуудал их, нөхцөл байдлыг хүндрүүлээд байгаа асуудлын угшил нь Засгийн газрын тогтоолын дөрөвдүгээр заалттай холбоотой гэж би харж байгаа. Тиймээс дөрөвдүгээр заалтыг ахин шинэчлэн найруулахгүй бол цаашид ч ээдрээтэй байдлыг бий болгоно. Түүнчлэн иргэдийн хувьд нэг сувгаар мэдээлэл өгнө гэдэг Засгийн газрын шийдвэрийг 2008 оны 7 дугаар сарын 1-нд өрнөсөн үйл явдалтай жишиж ойлгож байгаа нь буруу биш. Тухайн үед нэг сувгаар мэдээлэл өгөх үйл явц өрнөсөн. Бүх хэвлэл мэдээллийн байгууллагуудын эфирийг хааж УОК-ын шуурхай штабаас Сайнжаргал хурандаа мэдээлж байна гэж мэдээлэл гаргаж байсан. Энэ цаг үеийн алдаа дутагдал өнөөдөр бидний том сургамж болоод үлдчихсэн байна шүү дээ. Дотоодын бүх хэвлэлийг хааж нэг урсгалаар мэдээлэл өгөх нь маш эрсдэлтэй байсан талаарх судалгааг холбогдох байгууллагаас хийсэн байдаг. Тийм учраас бид нэг урсгалаар мэдээлэл өгөх энэ алдааг дахин давтаж болохгүй. Хамгийн сайшаалтай асуудал бол Засгийн газар Мэдээллийн эрсдэлийн түр хороог байгуулж иргэдэд бодит мэдээлэл өгөх тухай хуульд заасан үүргээ хэрэгжүүлэхээр алхам хийж байгаа нь давуу талтай.
-Дэлхийн бусад улс оронд Мэдээллийн эрсдэлийн хороо байгуулсан байдаг уу?
-Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон НҮБ, Олон улсын хүний эрхийн хороодоос зөвлөмжүүд өгсөн. Үүний дагуу Глоб Интернэшнл төвөөс “Ковид 19 ба хэвлэлийн эрх чөлөө” гэсэн гарын авлагыг орчуулан хэвлүүлсэн. Зөвлөмждөө дэлхийн улс орны Засгийн газрууд иргэддээ үнэн бодит мэдээллийг шуурхай, тогтмол хүртээмжтэй байдлаар хүргэхийг анхаарах талаар тусгасан. Ингэхдээ хэвлэлийн эрх чөлөөг хязгаарлахгүй, цензур тавихгүй холбогдох хуулиар хариуцлага тооцох аюул заналхийллээс сэргийлэх үндсэн зөвлөмжүүд өгсөн. Мөн хүний эрхийг хамгийн бага хэм хэмжээгээр хөндсөн хууль, журам гаргахыг зөвлөсөн. Тиймээс эдгээр зөвлөмжийн дагуу бусад улс орнууд ч Мэдээллийн эрсдэлийн хороо байгуулан ажиллаж байгаа. Мөн цар тахалтай холбоотой бие даасан хууль батлан гаргасан дэлхий дээр хоёрхон байгаагийн нэг нь манай улс. Хэдийгээр тийм боловч Цар тахлын хуулийг батлан гаргахдаа олон улсын зөвлөмж, хэм хэмжээнд нийцсэн сайн зохицуулалттай хууль болсон гэж хардаг.