Улаанбаатар хот, 11 дүгээр сарын 26
Глоб Интернэшнл Төв нь цар тахлын эсрэг Засгийн газрын авч хэрэгжүүлж буй хариу арга хэмжээ болон одоо хэрэгжиж буй хууль тогтоомж нь үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөнд хэтийдсэн хязгаарлалт тогтоож буйд харамсаж байна. 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр КОВИД-19 цар тахлын дотоодын халдвар илэрснээс хойш эрх баригчид цар тахлын эсрэг хариу арга хэмжээгээ чангатгасан бөгөөд 12 дугаар сарын 1-ний өдөр хүртэл хатуу хөл хорио тогтоосон билээ.
Глоб Интернэшнл Төв нь Засгийн газар болон УОК-ийн коронавирусын эсрэг хариу арга хэмжээ нь нийгмийн эрүүл мэндийг хамгаалах, цар тахлыг тархахаас урьдчилан сэргийлэхэд тустай гэдгийг хүлээн зөвшөөрөхийн зэрэгцээ эдгээр арга хэмжээ нь “хэм хэмжээндээ байх, зайлшгүй байх, тодорхой цаг хугацаатай байх, ялгаварлан гадуурхалтаас ангид байх” гэсэн олон улсын хэм хэмжээнд нийцэх ёстойг сануулж байна.
Шинэ болон нэмэлт өөрчлөлт орсон хууль тогтоомж, эрүүгийн хууль дахь нэр төрд халдсан гэх зүйл заалт хямрал нүүрлэсэн энэ цаг үед шүүмжлэлт мэдээ нийтлэл, эрэн сурвалжлах сэтгүүл зүйг хязгаарлан боомилж байна.
Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх тухай хууль, Гамшгаас хамгаалах тухай хууль, Онц байдлын тухай хууль зэрэг нь хэвлэл мэдээллийн хэрэгсэлд цагдан хяналт тогтоох, иргэний орон зайг цахим болон цахим бус орчинд хумих эрсдэлтэй байна. Эдгээр хууль олныг төөрөгдүүлсэн худал мэдээлэл түгээхийг хориглож, хэвлэл мэдээллийн хэрэгсэлд үнэн бодит мэдээлэл түгээхийг үүрэг болгосон.
2020 оны нэгдүгээр сард Эрүүгийн хуулинд худал мэдээлэл тараах тухай шинэ заалт орсноор Зөрчлийн тухай хуулийн “Гүтгэх” хэмээх 6.21 дүгээр зүйл хүчингүй болсон. Эрүүгийн хуулийн 13.14 зүйлийн дагуу “Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан бол 450 нэгжээс 1300 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 240 цагаас 720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.” Энэ оны 4 дүгээр сард “19 дүгээр зүйл” болон Транспаренси Интернэшнл олон улсын байгууллагуудын зүгээс тухайн заалтыг буруушааж, Монголын Засгийн газарт хандан үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, хэвлэлийн эрх чөлөө болон мэдэх эрхийг сахин хүндэтгэхийг зөвлөж байсан. Эдгээр хууль тогтоомжийн нэр томъёо хэт ерөнхий, нарийн тодорхойлолтгүй, тухайлбал “худал мэдээлэл” гэх ойлголтын тодорхойлолт дутмагаас үүдэн хямрал нүүрлэсэн энэ цаг үед хуулийн зүйл заалтыг хэтрүүлэн ашиглах нөхцөл үүсэж болзошгүй байна.
Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйл хүчин төгөлдөр болсноос хойш, шүүхийн нээлттэй мэдээллийн санд нийтлэгдсэнээр 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр хүртэл нийт найман хэргийг шүүхээр шийдвэрлэжээ. Эдгээр хэрэгт задлан шинжилгээ хийж үзэхэд, гомдол гаргагчдын талаас илүү хувь нь төрийн өндөр албан тушаалтан, төрийн албан хаагчид байна. Эдгээр хэрэгт хариуцагчаар татагдсан бүх хүмүүсийг буруутай хэмээн шүүхээс тогтоосон бөгөөд цахим орчин, нийгмийн сүлжээнд нийтэлсэн, сэтгэгдэл үлдээснийхээ төлөө ял шийтгүүлжээ. Эрүүгийн хуулийн энэ шинэ заалтыг эрх мэдэлтнүүдийн буруутай үйлдлээ нуун дарагдуулахад хамгаалалт болгох, цахим болон цахим бус шүүмжлэлийг нухчин дарах зорилгоор урвуулан ашиглах эрсдэлтэй гэдэг нь эдгээр хэргийн шийдвэрүүдээс тодорхой харагдаж байна.
2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр ЦЕГ-ын дэргэд цахим орчинд үндэсний аюулгүй байдлыг алдагдуулах гэсэн, бусдын нэр төрд халдсан худал мэдээлэлтэй тэмцэх чиг үүрэг бүхий дагнасан нэгж байгуулагдсан. ЦЕГ-аас цахим орчинд түгсэн худал мэдээллүүдийг шалгаж, 39 иргэнийг 7-30 хоногийн хугацаанд баривчлах, 590 орчим хувь хүн, хуулийн этгээдийг 200 гаруй сая төгрөгөөр торгох арга хэмжээ авсаныг ЦЕГ-ын дэд дарга, хурандаа Ж.Амгалан 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр мэдэгдэв.
Коронавирусын тархалтыг хумих талаар одоо хэрэгжүүлж буй арга хэмжээний хүрээнд Харилцаа холбооны зохицуулах хорооноос цахим орчны журмын зохицуулалтын дагуу 11 дүгээр сарын 11-ний өдөр онлайн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд хандаж, КОВИД-19-ийн халдвар, тархалтын талаарх мэдээ мэдээллийг уншигчдын сэтгэгдэл авах боломжгүй тохиргоотойгоор нийтлэх, олон нийтийг төөрөгдүүлсэн худал мэдээ мэдээлэл болон хувь хүний мэдээллийг цахим хуудсандаа нийтлэхгүй байх зөвлөмжийг хүргүүлжээ. Уг журмыг зөрчсөн цахим хуудсуудад хандах хандалтыг хязгаарлах хүртэл арга хэмжээ авахыг ХХЗХ мэдэгджээ.
Глоб Интернэшнл Төв нь КОВИД-19 цар тахалтай тэмцэхэд хараат бус хэвлэл мэдээлэл, мэдээллийн хүртээмжтэй байдал чухал үүрэгтэй гэж үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, хэвлэлийн эрх чөлөөг дэмжин хамгаалагч бусад байгууллагын нэгэн адил итгэж байна. Тиймээс, Засгийн газар болон Улсын Онцгой Комисст хандан, цар тахлын үеэрх чөлөөт хэвлэлийн онцгой үүргийг хүлээн зөвшөөрөх, цар тахлын эсрэг хариу арга хэмжээгээ хэтрүүлэхгүй байх, мэдээллийн чөлөөт урсгалыг ханган баталгаажуулах, мөн үнэн бодит, найдвартай, цаг үеийн мэдээллийн хүртээмжийг сайжруулахыг зөвлөж байна.
Нэгдсэн Үндэстний Байгууллага, Европын Аюулгүй Байдал Хамтын Ажиллагааны Байгууллага болон Америкийн Муж Улсуудын Байгууллагын үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний шинжээчид Засгийн газруудад хандаж гаргасан уриалгадаа “контентийг хязгаарлах, цагдан хянах зэрэг арга хэмжээ авах нь амин чухал мэдээллийг хязгаарлахад хүргэдэг бөгөөд ийм арга хэмжээ авахдаа зайлшгүй байх, хэм хэмжээндээ байх зарчмыг баримтлах шаардлагатай. Цар тахалтай холбоотой мэдээлэл түгээсний төлөө эрүүгийн хэрэгт татах аливаа оролдлого нь албан мэдээ мэдээлэлд итгэх итгэлийг бууруулж, үнэн бодит мэдээлэл түгээхэд саад хийн, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг боомилдог.” Глоб Интернэшнл Төв энэхүү уриалгыг дахин дахин онцолж байна.
Глоб Интернэшнл Төв нь 1999 онд байгуулагдсан цагаасаа эхлэн үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, мэдээлэлтэй байх эрх, төрийн байгууллагын ил тод байдлыг дэмжин хамгаалах, олон нийтийн иргэний болон улс төрийн эрхийн болон сайн засаглалын талаарх мэдлэгийг дээшлүүлэхэд хувь нэмрээ оруулж буй Монголын төрийн бус байгууллага юм.